Эрх зүй мэргэжлийн эчнээ хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго

Монгол улсын Үндсэн хууль, хүн төрөлхтний эрх зүйн хөгжлийн түгээмэл үнэт зүйлсийг баримжаалсан чанартай сургалтаар, нийгэм - эдийн засгийн амьдралд бий болох өөрчлөлт хөгжил, тохиолдлуудад эрх зүйн онол, олон улсын бизнесийн хүрээнд тогтсон зарчмууд, мэргэжлийн ёс зүйн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг

  • Эрх зүй, төрийн онол, эрх зүйн түүх, философийн суурь мэдлэг
  • Мэргэжлийн ёс зүйг сахих, хүний эрхийг суурь хамгаалах тухай зөв чиг баримжаа
  • Хувийн эрх зүйн болон эдийн засгийн нийтийн эрх зүйн гүнзгий мэдлэг
  • Орчин үеийн бизнесийн харилцаанд өргөн хэрэглэгддэг олон улсын эрх зүйн эх сурвалж, жишиг, заншлын хэм хэмжээ, гэрээ, баримт бичгийн тухай мэдлэг

Хөтөлбөрөөр эзэмших чадвар

Мэргэжлийн чадвар

  • Хууль тогтоомжийн өөрчлөлтөд эрх зүйн онол, түүх, философийн суурь мэдлэгийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөх чадвар
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чадвар
  • Мэргэжлийн ёс зүйг сахих, хүний эрхийг хамгаалах чиг хандлагыг тодорхойлж,бусдад энэ талаар зөв чиг баримжаа, үлгэрлэл үзүүлэх чадвар
  • Эдийн засаг, бизнесийн харилцаанд гарч ирэх асуулт, зөрчил, маргаанд хууль зүй үндэслэлтэй шинжилгээ, дүгнэлт хийх, санал, шийдвэр гаргах ур чадвар
  • Эрдэм шинжилгээний ажил, бизнесийн орчны болон бодлогын судалгаа хийх, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэглэх чадвар
  • Хууль тогтоомжийг эрх зүйн онол, арга зүйн үндэслэлтэй тайлбарлах, сонгох, хэрэглэх чадвар

Техник чадвар

  • Хууль, эрх зүйн баримт бичгийг стандартын дагуу боловсруулах чадвар
  • Мэдээлэл боловсруулах чадвар
  • Багаар ажиллах, мэтгэлцэх, өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Хууль, эрх зүйн баримт бичиг орчуулах чадвар
  • Компьютерын хэрэглээний болон судалгааны программ ашиглах, чадвар

Хөтөлбөрийн давуу тал

Энэхүү хөтөлбөр нь их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн, одоо эрхэлж буй ажил, албан тушаалд нь бизнесийн орчны эрх зүйн зохицуулалтыг мэдэх, хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ тулгардаг, эсхүл цаашдын карьер хөгжилд нь бизнесийн эрх зүйн мэргэжил эзэмшвэл давуу талтай байх хүмүүст зориулагдсан.

Манай хөтөлбөрийг сонгон суралцсанаар эрх зүйн мэргэжлийн бакалаврын Үндэсний стандартыг бүрэн хангахын зэрэгцээ, хувийн эрх зүй, эдийн засгийн нийтийн эрх зүйн хичээлүүдийг түлхүү судална.

Энэ хөтөлбөрт “Эдийн засаг дахь төрийн оролцооны онолууд”, “Олон улсын төслийн санхүүжилтийн эрх зүй”, “олон улсын банк, санхүүгийн эрх зүй”, “Өрсөлдөөний эрх зүй”, “Төр – хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүй”, “Даатгалын эрх зүй”, “Олон улсын бизнесийн эрх зүй”, “Эрдэс баялаг, хүрээлэн буй орчны эрх зүй” зэрэг хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт анхлан нэвтрүүлж буйгаараа онцлог давуу талтай.

Эрх зүйн тэнхимийн ахлах багш Л.Отгонбаяр
“СЭЗИС-ийн эрх зүйн эчнээ (Бямба гарагийн) хөтөлбөр нь эдийн засаг, бизнесийн эрх зүй, хувийн эрх зүйн хичээлүүдийг түлхүү судалдаг. Онол, практикийг хослуулснаар төгсөгчийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд багш бид байнга төвлөрөн ажилладаг.”

Төгсөгчдийн ажлын байр

  • Өмнөх шатны дээд боловсрол дээр нэмж эрх зүйн мэргэжил эзэмшсэнээр төр, хувийн хэвшилд хөрвөх чадвар тань нэмэгдэнэ.
  • Төрийн болон бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх, мэргэжилтэн, дотоод хяналт, захиргаа удирдлагын болон бодлого зохицуулалтын нэгжид ажиллах боломжтой.
  • Төрийн албаны хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд эрх зүйн мэдлэг зайлшгүй шаардлагатай болж байна.
  • Одоо ажиллаж буй албан тушаал дээрээ үргэлжлүүлэн ажиллаж, карьер ахихад эрх зүйн мэргэжил таны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Иргэний эрх зүй, гэрээ, компанийн эрх зүй, санхүү, татварын эрх зүйн мэдлэгтэй тулгуурлан хувийн бизнес эхлүүлэх, өргөжүүлэх боломжтой

Төгсөгчийн сэтгэгдэл

Эрхэм багш нар, сургуулийн удирдлагууд, сургалтын алба болон энэ сургуулийн үйл ажиллагаанд оролцогч ажилтан албан хаагч та бүхэнд талархлаа илэрхийлье.
Би Санхүү, эдийн засгийн их сургууль төгссөн хэмээн өөрөөрөө бахархах олон сайхан залуустай өнгөрсөн жилүүдэд олонтой тааралдаж, битүүхэндээ атаархах сэтгэл төрж, бизнес, санхүүгийн салбарт амжилт гаргах тэдгээр нөхдийн мэдлэг чадвараар энэ сургуулиа төсөөлдөг байлаа. Тиймдээ ч санхүүгийн чиглэлийн мэргэжилтнийг Санхүү, эдийн засгийн их сургуулиас ажилд авах бичигдээгүй жишиг бизнесийнхэний дунд яригддаг байсныг нуух юун. Гэвч нэг л өдөр би өөрөө тэдний нэг болчихно гэдгээ төсөөлөөгүй байсан юм шүү.
Олон жил бизнес эрхэлсэн болоод ч тэрүү бизнесийн эрх зүйд суралцах хэрэгцээ шаардлага үүсэж, хуулиар сурах хувийн шийдвэр маань энэ сургуулийн зүг зааж, бизнесийн эрх зүйн бямба гарагийн хөтөлбөрийн анхны суралцагч болсондоо тун таатай байна.
Суралцах хугацаанд танхимаар, цахимаар аль алинаар нь суралцаж, сурах сэдлээ амьдралаас, сурах агуулгаа багш нараас, сурах аргаа бусдаас олж, чамлахааргүй онол, мэдлэг, туршлага хуримтлуулсан гэж боддог билээ.
СЭЗИС гэдэг брэнд сайн хөтөлбөр, сайн багш, сайн туршлага, цахим шийдэл гээд маш олон “сайн”-ны бүрдэл, цогц гэдгийг өөрөө суралцангаа танин мэдлээ. Энэ бүхнээс сургуулийнхаа цахим шийдлүүд, тухайлбал Moodle хэмээх сургалтын гайхалтай цогц платформ, түүнийгээ иж бүрэн хөгжүүлж, гаргууд эзэмшсэн багш нарын ур чадвар зэрэг нь бахархах сэтгэл төрүүлснийг тусгайлан дурдмаар байна. Сургууль маань хүрээгээ улам тэлж, бүс нутаг, цаашлаад олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дэлхийн шилдэг сургууль болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Хуулийг бизнесийн салбар, ажил, харилцаандаа ашиглах хувийн зорилго маань нэг шат ахиж, эрх зүйч хэмээх эрхэм нэгэн мэргэжлээр тун удахгүй цоллуулах болсондоо сэтгэл таатай байна.
Төгсгөсөн оюутан бүр нь ажилтай, олгосон мэргэжил бүхэн нь зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөе. Сургуульдаа, Багш нартаа баярлалаа.
Д.Амарбаясгалан

Оюутны сэтгэгдэл

СЭЗИС Бизнесийн эрх зүйн эчнээ ангийн оюутан Э.Уянга СЭЗИС-ийн эрх зүйн хөтөлбөрөөс бизнесийн салбарт ажиллахад зайлшгүй хэрэгтэй эрх зүйн мэдлэгийг олж авсан. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүй, даатгалын эрх зүй, өрсөлдөөний эрх зүй, төслийн санхүүжилтийн эрх зүй, мөнгө угаахтай тэмцэх олон улсын эрх зүй зэрэг хуулийн өөр сургуулиудад зааж эхлээгүй байгаа хичээлүүдийг өндөр хөгжилтэй орнуудад хуулийн боловсрол эзэмшиж, дотоодод ттуршлага хуримтлуулсан багш нараар заалгаж байгаадаа туйлаас баяртай байгаагаа онцлох байна.