СЭЗИС Дэлхийн ёс зүйн өдөр-2023 амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай. АНУ-ын Карнейгийн консул 2014 онд анх санаачлан өдгөө дэлхийн 100 орчим улс нэгдэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Монгол Улсын ууган сургуулийн нэг СЭЗИС-ийн хамт олон бид 100 жилийн ойгоо угтан “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэд хэдэн аян өрнүүлснээс гадна олон нийтэд чиглэсэн “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” сэдвээр хэлэлцүүлэг, эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллав.
МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН АЧ ХОЛБОГДОЛ хэлэлцүүлэг боллоо
“Дэлхийн ёс зүйн өдөр”-өөр ёс зүй, ёс суртахууны ойлголтыг хувь хүний түвшнээс эхлэн байгууллага, улс орны түвшинд хүртэл авч үзэн, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” олон нийтийг хамарсан СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, ХасБанкны хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, Cайнскор зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал, нар панелистаар оролцож, мэргэжлийн ёс зүйн тухай яриа өрнүүллээ.
САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурлаа
Мөн энэ өдөр Монголын ипотекийн корпораци, СЭЗИС хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Уг санамж бичигт 2 байгууллага сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах, ипотекийн санхүүжилтийн эко системийн тухай мэдлэг олгох, төгсөгчдөд ажлын байр санал болгох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийхээр тусгасан байна.
ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутан, суралцагчид болон ажил эрхэлдэг мэргэжилтнүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж, ангилал тус бүрд эхний 3 байр эзэлсэн шилдэг оролцогчдод шагнал гардууллаа. Их, дээд сургуулийн оюутан суралцагчдаас 1-р байрыг СЭЗИС-ийн Эрх зүй мэргэжлийн 1-р курсийн оюутан Болдбаатарын Энхжин, 2-р байрыг ДХИС-ийн эрх зүйн 3-р курсийн оюутан Баярбатын Дөлгөөндарь, 3-р байрыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Н.Амарзаяа, тусгай байрыг СЭЗИС-ийн эрх зүйн 4-р курсийн оюутан Э.Ганбаяр ангилал 2 буюу төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдаас 1-р байрыг Сити Фарм МЭИК ХХК-ны Сургалт, салбар хариуцсан менежер Цэрэннамжилын Оюунгэрэл, 2-р байрыг Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторант С.Отгондэлгэр, 3-р байрыг Bloomberg TV, сэтгүүлч техникч У.Түвшинбаяр нар тус тус эзэллээ.
BE HEALTHY АЯН ӨРНҮҮЛЛЭЭ
Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна СЭЗИС-ийн багш оюутанд тогтвортой хөгжлийн таван зорилтыг дэмжсэн, ач холбогдлыг таниулах ажлуудыг зохион байгуулж, нийт 100 гаруй багш, ажилтан, 2000 гаруй оюутан хамрагдлаа. Тухайлбал,
- Сургуулийн орчинд зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Зөв цэнэг” /цэвэр орчин, эрчим хүч, найрсаг гэр бүл, эрүүл бие, гудман хөдөлгөөн / аяны хүрээнд Uuree’s dance клубийн гишүүдтэй хамтарч, 160 гаруй оюутныг хамруулан “Амар байна уу” флашмоб-д нэгдэн, 15 мянган хүнд түгээв.
- Хүн бүр өглөөний цайгаа ууж хэвших, эрүүл амьдралын дадалтай болох зорилгоор “Өглөөний хоолоо өөрөө бэлдье” мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөө, өглөөний цайны хямд, захиалгат худалдаа, үйлчилгээ бүхий “Be healthy” аян өрнүүлэв.
- СЭЗИС-ийн гэр бүлийн соёлыг хэвшүүлэх, спортын дэгээр хамтран ажиллах, тэгш оролцоотой, шударга байх, бусдын ялгаатай байдлыг ойлгуулах зорилгоор “Be healthy” явган аяллыг 10-р сарын 15-ы ням гарагт 600 гаруй багш, ажилтан, оюутны бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.
- Сургалтын орчинд ёс суртахууныг эрхэмлэх дадалд сурах зорилгоор багш, ажилтан, оюутны академик соёл, эрдмийн ажил бичих стандартыг шинэчлэн хэлэлцүүлэх, мөн сургуулийн соёлын бүрдэл, ёс зүйн кодекс, ёс зүйн дүрмийг таниулах оюутан, багш, ажилтны CE badge цахим тэмдгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ жилийн Дэлхийн ёс зүйн өдрийг ХасБанк, МИК ОССК, Сайнскор зээлийн мэдээллийн сангийн хамт дэмжин ажилласан ба цаашид олон байгууллага энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, байгууллагадаа ёс зүйн талаар ойлголт, соёлыг бий болгоход хүчин чармайлт гаргахыг СЭЗИС-ийн зүгээс уриалж байна.