СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн оюутнууд CME группийн фьючерсийн арилжааны симуляц олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

CME (Chicago Mercantile Exchange) нь дэлхийн тэргүүлэгч дериватив арилжааны бирж бөгөөд CME группээс жил бүр зохион байгуулдаг University Trading Challenge олон улсын тэмцээнд СУТ-ийн Г.Ичинноров ахлах багшаар удирдуулсан оюутны баг "Дериватив арилжаа"-ны тэмцээнд Монгол улс, СЭЗИС-ийг төлөөлөн амжилттай оролцлоо.
Тус тэмцээн нь багууд хөрөнгө оруулалт, деривативын зах зээлийн онолын мэдлэгээ ашиглан, бодит зах зээлийн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, хийсвэр данс удирдан ашиг олж, хөрөнгөө удирдаж өрсөлддөг тэмцээн юм.
2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан уг тэмцээнд 23 улсын, 156 их сургуулийн 411 баг оролцож, 500,000$-ийн эхлэлтийн балансаа 1 сарын турш удирдан өрсөлдсөн ба СЭЗИС-ийн багууд 20, 36, 350-р байранд тус тус орсон амжилтыг үзүүллээ.
Дэлхийн шилдэг "California", “Toronto”, “Cornell”, "Yale", "Chicago"-ийн их сургуулиуд харгалзан 29, 37, 76, 93, 140-дүгээр байруудад жагссан юм.
СУТ нь мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалтын төлөвлөгөөнд олон улсын хөтөлбөр, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн байнгын сайжруулалтыг хийсээр байгаа юм. Деривативийн менежмент хичээлийг олон улсын шалгалтын материал, агуулгад нийцүүлэн хөгжүүлсэн бөгөөд оюутнуудын уг хичээлээс болон бусад мэргэжлийн хичээлүүдээс олж авсан мэдлэг, ур чадвар олон улсад өрсөлдөж чадаж байгааг энэхүү уралдааны үр дүн харуулж байгаа юм.
Олон улсад багаа амжилттай удирдсан СУТ-ийн ахлах багш Г.Ичинноров болон Б.Баянмөнх, Э.Даваажаргал менторууддаа, тэмцээнд амжилттай оролцсон СУТ-ийн мэргэжлийн ангийн оюутнууд Хөрөнгө оруулалтын сан клубын оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье.