2024-05-29
ШИНЭ ЭЛСЭГЧИЙН ТЭТГЭЛЭГ

“СЭЗИС-ийн оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн элсэгчийг амжилттай суралцах хүсэл эрмэлзэлтэй оюутанд сургалтын төлбөрийг дэмжлэг олгох, амжилттай суралцах идэвх, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор 3 сая хүртэлх төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэг нь манлайлагч элсэгч болон зорилтот бүлгийн элсэгчийн гэсэн хоёр төрөлтэй байна.
- “Манлайлагч элсэгчийн тэтгэлэг” гэдэг нь сурлагын амжилтаараа тэргүүлэгч, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх манлайлагч сурагчид нэг удаа олгож байгаа санхүүгийн мөнгөн дэмжлэг.
- “Зорилтот бүлгийн элсэгчийн тэтгэлэг” гэдэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаа олгож байгаа санхүүгийн мөнгөн дэмжлэг.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээр шат: Бүрдүүлсэн материалд эхний шатны үнэлгээ хийн, ярилцлагын шатад орох тэтгэлэг хүсэгчийг шалгаруулна. Хугацаа хожимдуулсан, баримт бичгийн бүрдүүлэлт дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатанд тэнцсэн элсэгч хуваарийн дагуу ярилцлагад орж, шалгарсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах эрх үүснэ. СЭЗИС-ийн элсэлтийн шалгуурыг ханган, элсэн суралцах гэрээ хийсэн тохиолдолд тэтгэлгийг нэг удаа олгоно. Та дэлгэрэнгүйг Адмишин / UFE Admission / сайтын дүрэм журам хэсгээс тэтгэлгийн журамтай уншиж танилцана уу.