Logo
UFE
2022-07-18

СЭЗИС Дэлхийн оюуны өмчийн газраас сургалт, техникийн туслалцаа авахаар боллоо

СЭЗИС Дэлхийн оюуны өмчийн газраас сургалт, техникийн туслалцаа авахаар боллоо

Монгол улсаас Швейцарийн холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын байгууллага дахь монгол улсын байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхийлөгч Дарен Тангтай 2020 оны 11 сарын 17-ны өдөр хийсэн албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оюуны өмчийн тухай ойлголт, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай суурь хөтөлбөрийг нэвтрүүлэх сургалтын болон техникийн туслалцааа үзүүлэх талаар харилцан тохиролцсон. 

Энэхүү уулзалтын үр дүн болон манай сургуульд ирүүлсэн албан бичгийн дагуу Монгол Улсын Оюуны өмчийн газар болон Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажилласны үр дүнд Санхүү эдийн засгийн их сургууль Дэлхийн оюуны өмчийн газар болон Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран олон улсын худалдаа, олон улсын эрх зүй, оюуны өмчийн чиглэлээр сургалт, судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, улмаар сургалтын хөтөлбөр сайжруулалтыг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хийх хүсэлтийг гаргасан билээ. 

Бид бүхний өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн гарч 2022 оны 7-р сарын 14-ий өдрөөс Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 63 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхийлөгч Дарен Танг нар Монгол Улсын Санхүү эдийн засгийн их сургууль болон Соёл урлагийн их сургуулийн хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн агуулгыг тусгах, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр бид Олон улсын оюуны байгууллагын дэмжлэгтэйгээр урт болон богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, шинээр хөтөлбөр боловсруулах, эрдэмтэн, судлаач, багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэхэд техникийн болон сургалтын туслалцаа авах боломжтой болж байна.

СЭЗИС-ийн олон улсын жишигт нийцсэн их сургууль болон хөгжих стратеги зорилтыг дэмжин ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол улсаас Швейцарийн холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яам болон НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын байгууллагын хамт олон болон Монгол улсын оюуны өмчийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор уншина уу


http://www.ipom.gov.mn/mn.php?page=40&news=1187&fbclid=IwAR1Lmsub59mdk8f5mIWptxl1iDBmGJPqVifR1hct_PMxIj9q7EgKT6XEI64