СЭЗИС-ийн “Мэдээллийн систем” бакалаврын хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ.

СЭЗИС-ийн “Мэдээллийн систем” бакалаврын хөтөлбөр Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэлээ амжилттай хийлгэн, 5 жилийн хугацаатай “Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ”-гээ 2022 оны 6 сарын 29-ны өдөр гардан авлаа.
Ажлын хэсгийг ахалж ажилласан Мэдээллийн системийн тэнхимийн эрхлэгч Н.Саранчимэг болон тэнхимийн баг хамт олон, магадлан итгэмжлэлийн комиссын бусад гишүүддээ баяр хүргэж, талархал илэрхийлье.
СЭЗИС-ийн мэдээллийн системийн хөтөлбөр нь 2005 оноос Мэдээллийн Системийн Менежмент"-ээр мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Бакалавр 2.0 хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд мэдээллийн системийн үндсэн болон олон улсын хамтарсан хөтөлбөрт дараах өөрчлөлт, шинэчлэлүүд хийгдээд байна. Үүнд:
- Мэдээллийн системийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг олгох хөтөлбөр - Бизнесийн удирдлагын бакалавраас шинжлэх ухааны бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт шилжин хөтөлбөрийн зорилго, суралцахуйн үр дүнг шинэчлэх тодорхойлсон.
- Хөтөлбөрийн зорилго - Мэргэжлийн хөтөлбөрийн зорилгыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн шинэчлэх тодорхойлсон. Хөтөлбөрийн зорилго нь “Бизнесийн болон технологийн мэргэжилтнүүдийн үр дүнтэй хамтын ажиллагааг хангаж бизнесийн үйл ажиллагаа, процессуудыг үр дүнтэй, үр өгөөжтэй зохион байгуулах мэдээллийн технологийн оновчтой шийдлийг тодорхойлох мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлдэх” юм.
- Дата аналист мэргэжлийн хөтөлбөр - Тайваний азийн их сургуультай хамтран мэдээллийн системийн суурь мэдлэгтэй, дата аналистын 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
- Хос, хавсарга мэргэжил - Мэдээллийн системийн мэргэжлийн хөтөлбөрийн оюутнууд СЭЗИС-ийн бусад бакалаврын хөтөлбөрт хос, хавсарга мэргэжлээр суралцах боломжтой. Мөн бусад мэргэжлийн оюутнууд Мэдээллийн системийн хөтөлбөр суралцан зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх чадвар өндөртэй мэргэжилтэн болох боломжтой.
- Олон улсын хамтарсан 2+2 хөтөлбөр - Мэдээллийн системийн бакалаврын хөтөлбөрт ОХУ-ын Дорнод Сибирийн технологийн удирдлагын их сургууль, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд суралцах боломжтой.
СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба