Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 дах буюу 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэллээ

СЭЗИС-ийн 100 дах хичээлийн шинэ жилийн нээлтэнд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, ахмад багш нар, ажилтан, оюутан суралцагчид, хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Хичээлийн шинэ жилийн ёслолын арга хэмжээг СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр нээж, СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, хүндэт профессор, доктор (Sc.D) Цэдэвсүрэнгийн Даваадорж "Дэлхийн агуу их мэдээллийн сангаас үр ашигтай, оновчтой сонголт хийж ашиглах боломж, хэрэгжүүлэх арга замууд" сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа.
Монгол улсын ардын багш, СЭЗИС-ийн ахмад багш Жамъяангийн Нямсүрэн нийт зочид, төлөөлөгчид, шинэ багш, оюутнууддаа хандаж баяр хүргэн, хүндэтгэлийн үг хэллээ.
Удахгүй тохиох СЭЗИС-ийн түүхт 100 жилийн ойг угтаж “Цаг хугацааны капсул” бэлэгдэлт арга хэмжээг зохион байгуулав. Ингэснээр ёслолын арга хэмжээнд оролцогчид одоогийн нөхцөл байдлаас ирээдүйн хөгжлөө төсөөлөн харж, өнөөгийн хамт олны зүгээс хүсэл, мөрөөдлөө ерөөлийн үгсийн хамт найдвартай, аюулгүй, бат бөх лацтай хайрцагт хадгалж, ирээдүйдээ дамжуулахаар үлдээсэн сонирхолтой үйл явдлын гэрч болцгоолоо. Сургуулийнхаа ирээдүйн 100 жилийг төсөөлсөн "Time capsule" хайрцаг маань СЭЗИС-ийн хүндтэй орчинд дараагийн хөгжлийн жилүүдээ үдэж, нээгдэх өдрөө хүлээх болно.
СЭЗИС нь өнгөрсөн 100 жилийн түүхийг бүтээж, өнөөдөр 100 дах хичээлийн жилээ ийнхүү ёслол төгөлдөр нээлээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид, эрдэмтэн багш, ажилчид оюутнууддаа баярлалаа.
Морин хуурын аялгуу эгшиглүүлсэн ACCA хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Б.Оюундалай, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн Санхүү хөтөлбөрийн 2, 4-р курсийн оюутан Д.Маралмаа, Т.Эрдэнэ-Заяа нартаа талархал илэрхийлье.
2023-2024 оны хичээлийн жилдээ сурлагын болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлууддаа амжилт гаргаж, нийгэм болоод байгаль орчиндоо ээлтэй иргэд байхыг уриалан оюутан та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.
СЭЗИС-ийн гэр бүлийн гишүүд та бүхэндээ 100 дахь жилийн хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.