Мэргэжлийн ёс зүй, мэргэжилтний ёс суртахуун

Банзрагчийн Оюунчимэг. Монгол Улсын Гавьяат багш, сэтгэл, ёс суртахуун судлаач, доктор (Ph.D)
Энэрэнгүй үзлийн, хөгжил дэвшлийн, соёл иргэншлийн гэж нэрлэж байгаа энэ зуунд монголчууд, мэргэжилтэн гэгддэг мэргэжлийн хүмүүсийн ухамсар доогуур, ёс суртахуун дорой байна. Шүүгчид өөрийгөө худалдаж буруутанд ногдох ёстой ялыг хөнгөрүүлж, эс цээрлүүлж, улстөрчид, эмч нар болон бусад салбарын мэргэжилтнүүд зөвийг ярьж бурууг үйлдэж, бусдыг хуурч, авлигад идэгдэн авах ёсгүйг шударга бусаар авцгаасаар. Монголчууд авлигад аажим аажмаар дассаар авлига жирийн үзэгдэл болж, нийгмийн бүхий л хүрээнд улам өргөн тархаж байна. Авлигын үндэс, эх сурвалж нь зан төлөвийн болон зоригийн сөрөг муу шинжүүд.
Ёс суртахуун туйлдаа хүртэл доройтсон улс оронд ил, далд хулгай дээрэм, авлига хээл хахууль, хүчирхийлэл зугтаж боломгүй зүйл, бүр амьдралынх нь нэг хэсэг болдог. Ийм газар орныхон хүнс, агаар, ус, хөрсний бохирдол байдаг л үзэгдэл гэж үзэхэд хүрдэг.
Хүмүүс амар олж, хялбар цалинжихыг илүүд үзэх болж, нийгмээрээ зугаа цэнгэлд сульдан доройтож байна. Элдэв баяр ёслол тэмдэглэх, зугаалж цэнгэх, ууж наргихад жигтэйхэн дуртай болсон. Ууж наргисны араас уй гашуу дагалдах нь элбэгшиж буй. Ийм байдал хэвийн юм шиг санагддаг болсон. Энэ нь ёс суртахуунгүй болсны улмаас эрхэм чанараа алдаж, доройтож байгааг гэрчилж буй хэрэг, ухамсар доогуур байгаагийн үр дагавар.
Шүүгч, багш, эмч, нягтлан бодогч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ёс суртахууны алдаа дутагдал гаргах нь элбэгшсээр. Мэргэжилтний ёс суртахууны дутагдал нийгэмд, улс оронд багагүй хор хохирол учруулдаг. Иймээс аль ч мэргэжлийн хүн, ямар ч түвшний албан тушаалтан ёс суртахууныг чухалчлах, түүнийг ажил төрөл, мэргэжлийн үйл ажиллагаа, харилцаандаа баримтлах шаардлагатай болдог.
Мэргэжилтэн нь мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал дүйд хамаарах дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөхөөс гадна мэргэжлийн ухамсар, үйл ажиллагаа, харилцаа гурваа хүний ёсны үндсэн хууль болох ёс суртахууны шаардлагад нийцүүлэх ёстой. Мэргэжлийн ухамсар нь нийгмийн ухамсрын нэг хэлбэр, мэргэжлийн харилцааг хянах, мэргэжилтнүүдэд тавигддаг тусгай шаардлагуудыг нийт олонд тавигддаг шаардлагад нийцүүлэх үүрэг зорилготой, тодорхой мэргэжилд чиглэдэг нийгмийн үзэл санаа, төсөөлөл, ойлголтуудын цогц.
Орчин үед мэргэжлийн төрөл зүйл олширч, агуулга нь тэлж, нийгэмд гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж байгаа тул мэргэжилтнүүдэд тавигдах ёс суртахууны шаардлагын агуулга баяжиж, цар хүрээ нь улам тэлж буй. Ажил мэргэжил бүр өөрийн онцлогтой, тэдгээрт тавигдах ёс суртахууны шаардлагууд ч өөр өөр.
Ёс суртахуун туйлдаа хүртэл доройтсон улс оронд ил, далд хулгай дээрэм, авлига хээл хахууль, хүчирхийлэл зугтаж боломгүй зүйл, бүр амьдралынх нь нэг хэсэг болдог.
Шинэ мэргэжлүүд олноор бий болж, тэдгээрийг эзэмшсэн мэргэжилтнүүдэд тавих ёс суртахууны шаардлагуудыг мэргэжил бүрийн онцлогтой уялдуулан холбох, мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах ёс суртахууны үндсэн зарчим, ёс суртахууны хэм хэмжээ, мэргэжилтний зан суртахуун, ёс суртахууны үүрэг хариуцлага, үнэлэмжийг судлан тодорхойлох, мэргэжлийн үнэ цэн, мэргэжилтний нэр төрийг сахин хамгаалах, мэргэжлийн үйлчилгээг чанартай үзүүлэх, мэдлэг, чадвартай, хүнлэг мэргэжилтэн бэлтгэх, мэргэжилтний зүй зохистой ажиллаж хөдөлмөрлөх, хөгжиж дэвших үндэс болох мэргэжилтний баримтлах ёс суртахууны шаардлагуудыг сахиулж мөрдүүлэх шаардлагатай болсноор “Мэргэжлийн ёсзүй” шинжлэх ухааныг анх өнгөрсөн зууны 70-аад онд АНУ-д бий болгон хөгжүүлжээ.
Мэргэжлийн ёсзүй нь юу зөв, юу бурууг мэргэжилтэнд ойлгуулах, ёс суртахууны үүрэг хариуцлагыг ухамсарлуулахын зэрэгцээ мэргэжлээ эрхэмлэх, мэргэжлийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг ёс суртахуунтай хэрэгжүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны явцад өөрийгөө хянан удирдах, зан суртахуунаа бүтээх тухай мэдлэгийг мэргэжилтэнд олгодог шинжлэх ухаануудын тогтолцоо юм. Уг тогтолцоо төрийн албаны ёсзүй, ангаахын ёсзүй, сурган хүмүүжүүлэх ёсзүй, нягтлан бодох бүртгэлийн ёсзүй, банкны ёсзүй, бизнесийн ёсзүй болон бусад салбар шинжлэх ухаанаас бүрддэг. Сурган хүмүүжүүлэх ёсзүй багш, суралцагч, сургалтын байгууллагын удирдах ажилтан, суралцагчийн эцэг эхийн ёс суртахууныг, анагаахын ёсзүй эмч, сувилагч, асрагч, өвчтөний ёс суртахууныг судалдаг.
Мэргэжлийн ёсзүй нийгмийн ёс суртахууны өвөрмөц хэлбэр болох мэргэжил, мэргэжилтэнд тавьдаг ёс суртахууны шаардлагуудыг тодорхойлон мөрдүүлдэг. Энэ нь мэргэжил бүр өвөрмөц онцлогтой, түүнд тавигдах ёс суртахууны шаардлагууд мэргэжил, мэргэжилтний онцлогоос хамааран янз бүр байдагтай холбоотой.
Мэргэжлийн ёсзүй ёс суртахууны цоо шинэ зарчмуудыг бий болгодоггүй, харин ёс суртахууны үндсэн зарчмуудыг мэргэжилтэнд тавих ёс суртахууны шаардлагынхаа үндэс болгон ашигладаг. Үүргээ ухамсарлах, хариуцлагатай биелүүлэх, шударга, үнэнч байх, эх оронч байх, иргэнлэг байх, арвич хямгач байх нь аль ч мэргэжлийн хүний баримтлах ёс суртахууны үндсэн зарчмууд.
Аливаа мэргэжлийн харилцаа, түүний онцлогт нийцсэн ёс суртахууны зарчмаас урган гарсан ёс суртахууны хэм хэмжээнүүдтэй. Мэргэжилтэн ёс суртахууны тэдгээр хэм хэмжээг мөрдөх үүрэгтэй. Жишээ нь: хамтач байх зарчмаас урган гарсан нийтэч, нийлэмжтэй байх хэм хэмжээг мэргэжилтэн хэн боловч мөрдөнө. Нийтэч, нийлэмжтэй байх нь хамт ажиллагчид болон харилцагчид, үйлчлүүлэгчдэд санаа тавьдаг, чин сэтгэлээсээ дэмждэг, тусалдаг, ололт амжилтыг олж хардаг, үнэлдэг, бахархдаг, хэнийг ч ялгалгүй, адил тэгш харилцдаг, хүнлэг ханддаг байх явдал.
Өнөөгийн мэргэжилтнүүд шат шатны сургуулиудад олон шинжлэх ухаан судалж, олон талын мэдлэгтэй болж байгаа л байх. Гэвч мууг хийдэг хүн олширсоор. Үүний шалтгаан нь ёс суртахуунгүй байгаа явдал. Ёс суртахуунгүй мэдлэгийг ишгүй хутгатай зүйрлэдэг.
Үүргээ ухамсарлах, хариуцлагатай биелүүлэх, шударга, үнэнч байх, эх оронч байх, иргэнлэг байх, арвич хямгач байх нь аль ч мэргэжлийн хүний баримтлах ёс суртахууны үндсэн зарчмууд.
Өнөөгийнхөнд ёс суртахууны нийтлэг дутагдлууд бий. Тэдгээрийн заримаас дурдвал:
- Амьдралын гадаад талыг дотоод талаас дээгүүр тавих. Материаллаг зүйлд татагдах, материаллаг хэрэгцээгээ хангахын тулд юү ч хийхээс буцахгүй байх, ая тухыг чухалчлах, машин тэрэг, гар утасны ижил тоотой дугаарыг шүтэх, одон медаль, зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөх зэргээр гадаад талтай зууралдагчид олширсоор. Гадаад талтай зууралдсанаар “хүн болох”, “хүн байх” боломжоосоо улам холддог. “Хүн байх”-ыг эд юмтай байхтай хольж хутгах ёсгүй. Эд зүйлтэй холбоотой “амжилт” амьдралын зөвхөн нэг хэсэг нь атал бусдыг нь мартаж, түүнд бүх анхаарлаа хандуулдаг. Эдтэй холбоотой амжилт Байгальд байдаггүй, хүний жинхэнэ ололт амжилт бол Байгалийн хуулийг сахин биелүүлж, хувьсан өөрчлөгдөж, дотооддоо ахиц дэвших гаргах явдал;
- Өөрийгөө буруу үнэлэх. Хүн өөрийгөө зөв үнэлэхгүй бол ёс суртахуунтай болж чадахгүй. Хүмүүс хэрхэн үнэлж байгаагаар л өөрийгөө үнэлдэг хүн олширсон. Нүдэнд нь өртөх, магтуулах, сайшаалгах, шагнуулахын тулд бусдад тааруулсан зохиомол дүр төрх бий болгож чадвал өөрийгөө мундаг хүн гэж үздэг болж. Өөрт байхгүйг бусдын магтаал сайшаалаас хүлээнэ гэдэг ухаангүй явдал. Хүн өөрийгөө бодитой олж харж, зөв үнэлэх нь зөвийг сурах, хөгжиж дэвших, зөв хүмүүжихийн үндэс;
- Алдаа дутагдлаа олж харахгүй, хүлээн зөвшөөрөхгүй, засахыг хичээхгүй байх. Алдаа дутагдлаа олж харах, алдсанаа хүлээн зөвшөөрөх нь эрхэм чанар, чухал чадвар. Хүн алдаа гаргадаг. Түүнийгээ олж харвал, хүлээвэл сайн, засвал бүр сайн. Хүний гаргадаг ноцтой алдаа нь жижиг дутагдлыг засдаггүй явдал. Өөртөө бурууг хорихгүй, бүгдийг зөвшөөрдөг, нэг удаа амьдрах юм чинь яасан ч болно гэж үздэг хүмүүс бишгүй болж буй. Өөртөө өршөөнгүй ханддаг, өөрийгөө хөөрхийлдөг, ихэд боддог, амиа хичээдэг, алдсандаа бусдыг буруутгадаг хүн алдаа дутагдлаа олж хардаггүй, харахыг хүсдэггүй, алдааг засах ёстой гэж үздэггүй. Алдаагаа олж харахыг хичээдэг, олж хардаг, хүлээн зөвшөөрдөг, засахын төлөө явдаг, засдаг хүн л ахиж дэвшинэ;
- Өөрийгөө хуурах. Өөрийгөө хуурах нь өрөвдөлтэй сул тал, гутамшиг. Энэ нь хулчгар, нэрэлхүү, дорой хүний шинж. Өөрийгөө хуурахгүй байх нь бусдад шударга байхын үндэс болдог. Шударга байх чанарыг олж авах хэцүү. Үүнийг олж авахын тулд: 1. өөрийн дотоод дахь үнэнийг нуудаггүй болох, 2. бусдыг мэхэлдэггүй, давхар хуурдаггүй болох ёстой. Таагүй, төвөгтэй бодит байдлаас зугтахын тулд хүн өөрийгөө хуурдаг гэж сэтгэл судлаачид үздэг. Хүн өөрийгөө хуурах нь залилан мэхлэх арга гэдгийг ойлгох учиртай;
- Амиа бодох, хувиа хичээх. Хүмүүс голдуу өөрийн буюу амин хувийн хүсэл сонирхолдоо хөтлөгддөг. Энэ үзэл нь хэтэрч, туйлдаа хүрсэн тохиолдолд хүн бусдын зовлонг эс тоодог, ядарч зүдэрсэн, зовсон хүмүүст сэтгэл гаргадаггүй, хатуу болдог. Амиа бодох үзэл мөн чанараараа хүний амьдралд хандах хандлага. Энэ нь өөрийгөө бүхний төвд байх ёстой гэж үздэг, ийм байхаас татгалзаж чадахгүйд хүрсэн хүний л хандлага. Өөрийгөө хэтрүүлж үнэлэх, байнга магтуулах гэсэн хэтийдсэн хүсэл, сонирхол нь биеэ тоосон их зан, хүний үнэргүй сэтгэлтэй холбоотой, архинд донтохтой адил дутагдал.
Өөрийгөө хамгаалах аминч үзэл амьдралын бүх хэлбэрт байдаг. Хамгийн түгээмэл нь эрх мэдэл, нэр төрд дурламтгай байдал, шуналтай хомхой сэтгэл болон биеэ тоосон ихэрхүү зангаас үүддэг. Түүний үндсэн зорилго өөрийгөө батлан харуулах, эрх мэдэлд хүрэх явдал. Авлига өдрөөс өдөрт нарийсаж, өсөж байгаа энэ ертөнцөд “Би”-гээ дөвийлгөх, өөрийгөө батлан харуулах явдал эмгэгийн хэмжээнд хүрч буй. Энэ байдал үнэ хүндтэй болохоо харуулах гэсэн хорт муу хүсэл шуналд зайлшгүй хөтөлдөг.
Албан тушаал хөөцөлдөж, тушаал дэвших гэж шунасан хүн зохиомол дүр төрхдөө байнга анхаарах болдог. Тэр хүмүүст танигдаж, сайхан сэтгэгдэл төрүүлж, найз нөхөд олонтой болж, амжилтад хүрэхийг хичээдэг. Энэ нь амиа бодох үзэл болон өөрийгөө төвчлөх үзлийн хамгийн далд хэлбэр. Ийм үзэлтэн бусдыг хуурч, энэрэнгүй сэтгэлтэн юм шиг харагддаг тул ялгахад амар биш. Тэр эрүүл бусаар хүсэж тэмүүлдэг тул сэтгэлийнхээ гүнд бүгдийг өөрийн “Би”-д ашигтай талаас нь л үнэлж цэгнэдэг, өөрийгөө хэн бэ гэдгээр биш, харин өөрт байгаа материаллаг эд зүйлсээр үнэлдэг болдог. Энэ байдал нь өөрийгөө бусдаас илүүд үздэг, хэтрүүлж үнэлдэг, амиа бодож хувиа хичээдэг болгодог. Амиа хичээж хувиа боддог хүн өнгөцхөн, хуурамч сэтгэлтэй тул хүнд сайн нөхөр байж чаддаггүй. Түүнд хамгийн чухал юмаа өөрөөсөө холдуулан алдах гэж байгаа мэт эмзэг мэдрэмж төрдөг тул жинхэнэ яс чанар нь илрэх, бусдыг хайрлах, халамжлах, эелдэг байхаас айдаг;
- Авлигад автах. Авлигын хамгийн тааруухан хэлбэр нь төрийн болон нийгмийн эрх мэдэлтнүүдийн холбогддог авлига. Тэд тогтоосон дэг журмыг мөрдүүлэх үүрэгтэй ч өөрсдөд нь үзүүлсэн өндөр итгэлийг хортойгоор ашиглаж, хуулийг хамгийн их уршигтайгаар зөрчдөг. Улстөрчийг хэзээ авлигад идэгдсэн гэж үзэх вэ? Улстөрч нь ёс суртахуунгүйн улмаас төрийн албан тушаалыг худалддаг, худалдан авдаг, сонгогчдын саналыг өөрийн болгохын тулд санаатай худал ярьдаг, ард олонд үйлчлэх хүсэл эрмэлзэл гээч нь хялбар олз олох шунал, хувийн амбицаа нуух халхавч төдий байдаг, улс төрийн намынхаа ашиг сонирхлыг ард түмнийхээс дээгүүр тавьдаг, үг яриа, үйлдлээ иргэдийн эрхийг хамгаалахад биш, харин нийгмийн сонирхлыг огт боддоггүй төр засгийн дээдсийг дэмжихэд зориулж байгаа бол түүнийг авлигад идэгдсэн гэж үздэг.
Энэ цагийн авлигын хамгийн муу муухай хэлбэр бол түүний талаар хэн ч мэддэггүй, түүнд оролцогсод тодорхой биш байж байгаад гэмт үйлдлийнхээ үр ашгийг хүртдэг, нуугдмал, далд шинжтэй авлига. Ёс суртахууны үүднээс хамгийн аймшигтай нь нийгэм бүхэлдээ авлигад аажмаар дасаж, авлига нэг л мэдэхэд жирийн үзэгдэл болж, улам өргөн тархаж мэдэх явдал. Шаардлагын хүчийг сулруулах, бүхнийг зөвшөөрөх явдлыг байнга нэмэгдүүлэх нь ихэвчлэн ёс суртахууны доройтол дагуулдаг.
Мэргэжилтэнд тавигдах ёс суртахууны шаардлагууд бий. Үүнд:
- Мэргэжилтний үүргээ бүрэн ухамсарлаж, хариуцлагатай биелүүлэх;
- Алдаа дутагдал, сул тал, буруу үйлдлээ хүлээн зөвшөөрдөг байх;
- Хатуу үнэнийг сонсож чаддаг байх;
- Хуурамч баггүй, зохиомол дүр төрхгүй байхыг хичээх;
- Хүчин чармайлт гаргахаас зайлсхийдэггүй байх;
- Бусдын итгэл, найдварыг хортойгоор ашигладаггүй, хөсөрдүүлэхгүй байх;
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ёс суртахуунгүй зорилгыг хэрэгжүүлэхэд ашигладаггүй, болхи, бохир үг хэллэг хэрэглэдэггүй, буруу ярьдаггүй, бичдэггүй байх;
- Шударга байх. Шударга байх эхний бөгөөд хамгийн чухал алхам бол өөрийгөө хуурдаггүй байх явдал. Үгүйсгэх, бусдад тохох, өөрийгөө зөвтгөх зэрэг “Би”-гээ хамгаалах буруу арга механизмуудыг хэрэглэдэггүй байх, шударга бусыг үйлдвэл заавал цээрлэл хүлээдгийг ойлгож ухаарах. Хүний зохиосон хуулийн цээрлэлээс ангид үлдэж чадсан ч Байгалийн хуулийнхаас хэн ч үлдэж чадахгүй;
- Шуналаа тэвчдэг, авлига авдаггүй байх. Авлига авах нь нийгэмд ноцтой үр дагавартайг ойлгосон байх. Өөрийн боломжийг мэддэг, илүү ихэд шунадаггүй, хүсэл шуналаа хазаарлаж чаддаг байх. Өөрт байгааг хүсэх нь жаргал гэдгийг мэддэг байх;
- Ашиг хонжоо, нэр алдрын төлөө бодит байдлыг өөрчилдөггүй, үгүйсгэдэггүй байх;
- Эрх мэдлээ хортойгоор ашигладаггүй байх;
- Улс төрийн болон бусад бүлэглэлийн ашиг сонирхлоос ангид байх;
- Үнэн байдлыг хов живээс ялгадаг, бодитой мэдээлэлд үндэслэн ажилладаг байх;
- Аливаа нөхцөл байдлыг яг таг цэгнэхийг хичээдэг байх;
- Дарамт шахалтын эсрэг зогсдог байх;
- Хувийн ашиг сонирхлыг нийгэм, ард олон, улсынхаас дээгүүр тавьдаггүй байх;
- Хуудуутай, цоорхой хууль ашиглан бусдын нэр төрийг гутаах, өөрийн хуурамч, зальжин, зохиомол дүр төрхийг олонд гайхуулах гэсэн ёс суртахуунгүй хүмүүсийн аманд багтдаггүй байх;
- Ёсзүйн шинжлэх ухаанч мэдлэг, ёс суртахууны боловсрол эзэмших. Мэргэжилтэн хүний эн тэргүүнд эзэмших ёстой боловсролд ёс суртахууны боловсрол, өөрийгөө танин мэдэх боловсрол, сэтгэлийн боловсрол, харилцааны боловсрол, эх хэлний боловсрол орно. Ёс суртахууны боловсролгүйн улмаас олны эрх ашигт харш, бусдыг хохироосон муу үйл үйлдэгчид олширч, нийгмийн ёс суртахуун доройтсоор. Амиа хичээх, эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаалд шунах, худал ярих, хуурмаг загнах, бусдыг алагчлах, дорд үзэх, үл тоомсорлох, өөрийгөө хаацайлах, дөвийлгөх, ихэд тооцох нь ёс суртахууны боловсролгүйн шинж. Ёс суртахууны боловсрол эзэмшинэ гэдэг нь ёс суртахууны үүрэг, ач холбогдол, үнэт зүйл, ёс суртахууны үндсэн ойлголтууд, ёс суртахууны шаардлагуудын тухай шинжлэх ухаанч мэдлэг эзэмших, уг мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаа, харилцаандаа итгэл үнэмшилтэй ашиглах, дадал зуршил болгон хэвшүүлэх, бусдад ёс суртахуунтай хүний үлгэр дуурайл үзүүлж амьдарч, хөдөлмөрлөх явдал;
- Боловсрол, боловсрохуйн талаар үнэн, зөв мэдлэгтэй болох. Боловсрол нь боловсрох үйлийн нэр. Боловсрохуй нь үйл, үйл явц, үр дүн. Мэдлэг, чадвар, дадал нь боловсрох үйл явцад хуримтлагддаг сэтгэцийн бүрдэл болох туршлага болохоос бус боловсрох үйл биш. Боловсрох үйл явцад сэтгэл заавал оролцдог. Боловсрол чанаргүй байгаагийн гол шалтгаан боловсрох, боловсруулах үйлд гүйцэтгэх сэтгэлийн үүрэг, оролцоог огт хэрэгсэхгүй явж ирсэнд оршдог. Сэтгэл нь боловсрох үйлийн хөгжил, хөдөлгөөний буюу аргын тал. Зөв сэтгэл, сэтгэлийн эерэг хөдөлгөөн хувь хүний боловсрох үйл явц, үр дүнд зөв, сайнаар нөлөөлнө. Мэдлэг, чадвар, сэтгэл гурвыг далай, завь, салхитай зүйрлэж болно. “Мэдлэг” хэмээгч их далайд, “чадвар” нэрт завиар хэрхэн аялж, зорьсон газраа хэрхэн хүрэх нь “сэтгэл” гэгч салхи ямар байснаас хамаарна. Урсаж л байхгүй бол ус өмхийрнө, боловсорч л байхгүй бол хүн мөхнө.
Хүн өөрийгөө байнга билүүдэж байх ёстой” гэдэг. Хүний боловсрох нь насан туршдаа хийх ёстой зөвийг сурах, зөв хөгжих (бие, оюун, сэтгэл), хүмүүжих, ёс суртахуунтай болох, зан чанараа засаж залруулан зан суртахуунаа бүтээх, ухамсраа дээшлүүлэх, соёлжих үйлүүдийн нэгдэл, тэдгээрийн үйл явц, үр дүн. Зөв боловсорч яваа хүнийг зөв төлөвшиж буй хүн гэнэ;
- Мэргэжлийн тухай үнэн, зөв мэдлэгтэй байх. Мэргэжил нь хүний уураг тархины чадвар, мэргэжлийн туршлага (мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал). Мэргэжил хүний мөн чанар, дотоод агуулга биш гэдгийг ойлгосон байх. Мэргэжилтэн бэлтгэхэд тавьдаг шаардлагад сэтгэлээ сайжруулж, ухамсраа дээшлүүлж, зан чанараа ёс суртахууны шаардлагад нийцүүлэн зан суртахуунаа бүтээх, ёс суртахуунтай болох шаардлагыг тусгадаггүй. Чадвар амьдралд зохих үр дүн үзүүлэхгүй, цаг хугацаа өнгөрөхөд магадлагдан батлагдахгүй бол хүсэн тэмүүлдэг элдэв цол зэрэг, нэр гуншин юу ч биш гэдгийг ухаарууштай.
#GlobalEthicsDay
#UFE_GlobalEthicsDay


