АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ЧАНАР, ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ ЯПОН УЛСАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн Япон Улсад хэрэгжүүлж буй ажлын байранд суурилсан сургалт, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.
Тус арга хэмжээнд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Олон улсын аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Ц.Дашцэрэн, багш Б.Мөнхтогтох, AB Accommmo компанийн хөдөлмөр зуучлалын үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлсэн газрын дарга Youn Jangyong, хүний нөөцийн албаны дарга Satoru Yahata, Төлөвлөлт, борлуулалт, хөгжлийн газрын Хоол, ундааны хэлтсийн дарга Seto Kyohei болон холбогдох албаны төлөөллүүд, All staff Japan компанийн зохицуулагч Н. Билгүүн оролцов.
Уулзалтын үеэр ажлын байранд суурилсан сургалтын хэрэгжилт, оюутнуудын мэргэжлийн ур чадварын хөгжил, үйлдвэрлэл-их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтарсан үйл ажиллагааны талаар санал солилцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтын үеэр байгууллагын төлөөллүүд тус байгууллагад ажиллаж буй Монгол оюутнуудын мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, манлайлах чанарыг өндрөөр үнэлж байгаагаа онцлов. Мөн оюутнуудын англи хэлний өндөр түвшний мэдлэг, гадаад хэл сурах идэвх санаачилга, ажлын орчинд хурдан дасан зохицох чадвар нь байгууллагын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж, хамт олны уур амьсгал, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж байгааг дурдав.
Мөн Санхүү эдийн засгийн их сургуулийг амжилттай төгссөн оюутнууд Япон Улсад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах боломж нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь их сургууль болон ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн, хөтөлбөрийн чанарын бодит илэрхийлэл болж байгааг онцоллоо.
Мөн Япон Улсад дадлага, ажил эрхэлж буй оюутнуудын суралцах орчин, ажлын нөхцөл байдалтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар талууд харилцан санал нэгдэв.
Энэхүү арга хэмжээ нь олон улсын түвшинд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутнуудын бодит ажлын туршлагыг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудтай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

