Logo
UFE
2025-03-26

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ ШИНЭЧЛЭГДЭН ХЭВЛЭГДЛЭЭ

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ  ШИНЭЧЛЭГДЭН ХЭВЛЭГДЛЭЭ

СЭЗИС-ийн UFE next 100 ажлын хэсгийн санаачилгаар Монголбанк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жил, Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан санхүүгийн зах зээлд оролцогчид, эрдэмтэн судлаачид, оюутан залууст зориулан “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ийг шинэчилсэн тайлбар толь бичгийг цахим болон хэвлэмэл хувилбараар гаргаж олон нийтийн хүртээл болголоо.

Уг тайлбар толь нь нийт 11 бүлэг, 3650 орчим англи, монгол нэр томьёоны тайлбараас бүрдэх ба Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, СЭЗИС-ийн нийт 37 эрдэмтэн багш, судлаачид, салбарын мэргэжилтнүүд хамтран, 9 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Нэр томьёоны тайлбар толь нь мэргэжлийн хэллэгүүдийн ойлголтын зөрүүг арилгаж, цаашид эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын баримт бичиг, гэрээ хэлцэл, сургалт, судалгаанд нэр томьёог нэг утгаар ойлгох, ашиглах боломжийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.

Цаашид толь бичгийг тасралтгүй сайжруулах зорилгоор Монголбанк, Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн зохицуулах хороо хамтран "Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй" хэлэлцүүлэг 2025 оны 3-р сарын 17-ны өдөр Монголбанк дээр зохион байгууллаа. Санхүү, эдийн засгийн нэр томьёоны тайлбар толь шинэчлэх ажил нэг удаагийн төдий бус, цаашид тасралтгүй үргэлжлэх, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр тайлбар толийн агуулгыг улам баяжуулж, олон улсын жишигт нийцүүлэх, хэрэглэгчдийн саналыг идэвхтэй тусгах нь чухал гэдгийг онцолж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.

Цахим тайлбар толь бичигт шинэ үг нэмэх, нэр томьёог сайжруулах, өөрчлөх санал хүсэлт илгээх боломжтой цэс нэмсэн нь цаашид үгийн сан өргөжих, нэр томьёоны орчуулга сайжрах, тасралтгүй хөгжих боломж бүрдэх давуу талтай.

Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичгийн редактораар ажилласан СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга доктор Р.Амаржаргал, СЗХ-ны зөвлөх доктор Р.Ренчинбазар нартаа болон СЭЗИС-ийн санаачилгыг дэмжин, хамтран ажилласан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нартаа болон ажлын хэсгийн нийт гишүүддээ талархал илэрхийлье.

Тайлбар толь бичгийн цахим хуудас: www.etoli.mn

Хүндэтгэсэн,

СЭЗИС-ийн UFE next 100 ажлын хэсэг