Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны мэдээ

Энэ жил Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага үүсэж, хөгжсөний 20 жилийн ой тохиож байна. Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмшсэн, ёс зүйтэй, инновац сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх зорилготой СЭЗИС нь энэхүү зорилго, чиглэлтэйгээ нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Санхүүгийн зах зээл: сорилт, инновац, тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний уралдааныг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр оюутан болон судлаачдын ангиллаар амжилттай зохион байгууллаа.
Санхүүгийн зах зээл хиймэл оюун ухаан, финтек, өгөгдөлд суурилсан инновацаар хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед зохицуулалт, хэрэглэгчийн хамгаалалт, хөрөнгө оруулагчийн зан төлөв, санхүүгийн хүртээмж, тогтвортой санхүүжилтийг макро орчинтой уялдуулан цогцоор нь судлах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэхүү уралдаанд уг хэрэгцээ, шаардлагад нийцсэн, асуудал дэвшүүлж, онол, арга зүйн үндэслэлтэй, бодит өгөгдөлд тулгуурлан эконометрик, статистикийн аргаар баталгаажсан, шинэлэг шийдэл санал болгосон, практик ач холбогдол бүхий судалгааны бүтээлүүд ирлээ.
Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оюутны ангилалд 5 их сургуулийн 114 оюутны 50 эрдэм шинжилгээний бүтээл, судлаачийн ангилалд 4 их сургуулийн багш, судлаач, Монголбанк, арилжааны банк, даатгалын компанийн эдийн засагч, шинжээч, мэргэжилтнүүдийн 22 эрдэм шинжилгээний бүтээл ирснээс хоёр ангилалд нийт 10 илтгэлийг сүүлийн шатанд аман болон постероор хэлэлцүүлж, шилдэгүүдээ тодрууллаа.
Нэг. Оюутны ангилал
Байр | Сэдэв | Оролцогч |
1-р байр | Монгол улсын бүртгэлтэй хувьцаат компаниудыг сектороор ангилж инфляц болон хувьцааны өгөөжийн холбоо хамаарлыг салбараар нь FE загвар ашиглан шинжлэх нь: аль салбар нь илүү инфляцад мэдрэг вэ? | Б.Бүдсүрэн (Эдийн засгийн хөтөлбөр, 4-р курс, МУИС), М.Марал (Эдийн засгийн хөтөлбөр, 4-р курс, МУИС), Д.Анужин (Эдийн засгийн хөтөлбөр, 4-р курс, МУИС) |
2-р байр | Монголын хөрөнгийн зах зээл дэх улс төр, макро эдийн засаг болон ногдол ашгийн мэдээллийн шокуудын нөлөө | Ц.Номиндарь (Санхүү менежмент, 4-р курс, МУИС), Б.Тайванбат (Компьютерийн ухаан, 4-р курc, МУИС), Г.Намуунцэцэг (Санхүү менежмент, 4-р курс, МУИС) |
3-р байр | Мега төслүүдийн хөрөнгө оруулалтын санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийн шинжилгээ: СХТ-ийн шинжилгээ | Ц.Буян-Өлзий (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), Д.Билгүүндэлгэр (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС), Ц.Энхжин (Эдийн засаг хөтөлбөрийн 4-р курс, СЭЗИС) |
Хоёр. Судлаач ангилал
Байр | Сэдэв | Оролцогч |
1-р байр | Дижитал зээлийн эрсдэл | О.Энхбаатар (Ахлах эдийн засаг, Монголбанк), Н.Янжинлхам (Эдийн засагч, Монголбанк) |
2-р байр | Монгол улсын хэрэглээний зээлийн өсөлтийн макро эдийн засагт үзүүлэх нөлөө | О.Номуншүр (Эдийн засгийн шинжээч, Голомтбанк) |
3-р байр | Хэрэглээний зээлийн оновчтой өр, орлогын харьцааг тогтоох судалгаа | Г.Цэлмэг (багш, СЭЗИС) |
Эрдэм шинжилгээний уралдааныг хэлэлцүүлгийн шатны эхэнд хуралд оролцогчдод хандан СЗХ-ны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Б.Батчимэг “Санхүүгийн зах зээл дэх технологийн хөгжил, бодлого зохицуулалт” хүндэтгэлийн илтгэл танилцуулсан онцлог байлаа.
Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх судлаач, оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!


