“ГРАНД ТУР – 2026” УЛСЫН XXIV ОЛИМПИАДЫН ХҮРЭЭНД “CESIM SERVICE” БИЗНЕСИЙН ЗАГВАРЧЛАЛЫН ДАДЛАГАЖИХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Аялал жуулчлалын салбарын оюутан, залуусын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг хөгжүүлэх зорилготой “Гранд тур – 2026” улсын XXIV олимпиад энэ жил “DIGITAL AGENDA AND ARTIFICIAL INTELLIGENCE TO REDESIGN TOURISM” уриан дор зохион байгуулагдаж байна.
Тус олимпиад нь хоёр улиралд хуваагдан зохион байгуулагддаг бөгөөд оролцогчдын онолын мэдлэгийг практик ур чадвартай уялдуулах, дижитал шилжилт болон хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг аялал жуулчлалын салбарт үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
Олимпиадын хүрээнд “CESIM service” бизнесийн загварчлалын цахим тэмцээний дадлагажих сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын үеэр оролцогчид үйлчилгээний байгууллагын удирдлага, стратеги төлөвлөлт, санхүүгийн шийдвэр гаргалт, хэрэглэгчийн туршлага болон дижитал технологийн хэрэглээг бодит бизнесийн орчинд суурилсан симуляц хэлбэрээр туршин ажиллав.
Тус сургалтыг Санхүү Эдийн Засгийн Их Сургууль амжилттай зохион байгуулсан бөгөөд “Гранд тур” улсын олимпиадын хамтран дэмжигч байгууллагаар гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ нь боловсрол, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй чухал үйл ажиллагаа болж байна.
“Гранд тур” улсын олимпиад нь оюутан, залуусын мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, дижитал орчинд шийдвэр гаргах чадамжийг хөгжүүлэх зорилготой бөгөөд салбарын хэмжээнд нэр хүндтэй арга хэмжээ болон өргөжин хөгжсөөр байгаа бөгөөд уг тэмцээнд Монгол улсад мэргэжилтэн бэлтгэдэг 19 их, дээд сургууль, МБС-ийн багууд оролцож өрсөлдөж байна.

