Logo
UFE
2023-06-16

НИЙГМИЙН ДАДЛАГА-н талаар UFE-ийн НББ хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Б.Ану-Үжиний сэтгэгдэл

НИЙГМИЙН ДАДЛАГА-н талаар UFE-ийн НББ хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Б.Ану-Үжиний сэтгэгдэл

СЭЗИС нийгмийн хариуцлагын хүрээнд багш оюутнуудтайгаа хамтран олон ажил санаачлан хийдэг бөгөөд зөвхөн манай сургуулийн оюутнууд хийдэг НИЙГМИЙН ДАДЛАГА-н талаар UFE-ийн НББ хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Б.Ану-Үжиний сэтгэгдлийг хүргэж байна.

"Art class for special need children" , "Онцгой авьяастан" төсөл

Манай улсад нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд 107,075. Улаанбаатар хотод 34,860, Хөдөө орон нутагт 72,215 иргэд байна. Хэл ярианы бэрхшээлтэй 4086, сонсголын бэрхшээлтэй 8585, хөдөлгөөний бэрхшээлтэй 21545, сэтгэцийн эмгэгтэй 20,728, хавсарган 7,334, бусад 33,107 байдаг байна. Эдгээр иргэдэд чиглэсэн “Art class for special need children”, "Онцгой авьяастан" арга хэмжээнд би оролцож, сайн дурын ажил хийсэн. “

НЭГ. “Art class for special need children” арга хэмжээнд оролцсон хүүхдүүд болон эцэг эх асран хамгаалагчдын байрлах байр, зургийн үзэсгэлэнд тавигдах зургийг байршуулах, нээлтийн үйл ажиллагааны үеэр сурагчид эцэг, эхчүүдэд танилцуулга, чиглүүлэг өгч ажиллалаа.

Арга хэмжээний нэг хэсэг буюу уран зургийн тэмцээний үеэр хүүхдүүдийг хэрэгцээт зүйлсээр хангаж, туслалцаа үзүүлсэн. Урлагаар дамжуулж хүүхдийн сэтгэл мэдрэмжийг илэрхийлж бусдад хуваалцаж, бусадтай харилцах боломжийг олгосоноороо нийгэмдээ багахан хувь нэмрээ оруулсан ба тэдгээр хүүхдүүдийн талаар илүү их мэдээлэл мэдрэмжийг бусдад түгээх нь миний хувьд чухал ач холбогдолтой байсан тул энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн дуудлага худалдаа зохион байгуулж, зарагдсан зургийн мэдээллийг баталгаажуулж, худалдан авагчид хүлээлгэн өгсөн.

Бидний нийгэм өөрөө ямар хэм хэмжээг бий болгож байна вэ? нийгмийн хувьд хувьсан өөрчлөгдөж байгаагийн нэг чухал зүйл бол нэг нэгнийгээ ойлгох тэгш хүртээмжтэй нийгэм бий болж байгаа юм. Тэгш хүртээмжтэй гэдэг нь хүлээн зөвшөөрөх, ойлгох, хүндэтгэх, мөн гадаад орчны хувьд ч ямар ч ялгаварлалгүй хүмүүсийн оролцоог хэлнэ.

ХОЁР. "Онцгой авьяастан" үйл ажиллагаанд бидний зүгээс хийж чадах зүйл бол тэдгээр онцгой авьяастнуудын уран бүтээлийг бусдад түгээх, тухайн үзэсгэлэнгийн арын албаны хариуцлагатай үүргийг хүлээн авсан. 120 гаруй тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 300 гаруй бүтээл байршсан жижигхэн талбайд бүхэл бүтэн амьдрал өрнөв.

Хүүхдээ дагуулж ирсэн эцэг эхчүүд, найз нөхөд, ах, эгч бүгд миний мэдэх хамгийн шилдэг хүмүүс шиг санагдсан юм. Хүүхдүүдийн сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлж дотоод илэрхийллийг уран зургаар дамжуулан бусдад түгээх, түүнийг ойлгох туслах хэрэгцээ шаардлага байдаг гэдгийг мэдэж авсан. Хурц сэтгэл хөдлөлөөс болж, найз нөхөд нь айх, түүнээс үүдэн зайгаа барих зэрэг тэгш бус харилцааг бий болгож байгаа учир дан ганц эцэг, эх сурган хүмүүжүүлэгч гэхээсээ илүү тэдний найз нөхөд, хүүхдүүдэд илүү их мэдээлэл олгох хэрэгтэй. Олон талт нийгмийг бий болгож түүнийг ойлгох, тухайн нөхцөл байдал бусдын онцлог шинжийн талаар мэдээллийг өргөн хүрээнд авч суралцаж байгаад баяртай байна.

Арга хэмжээний маань гол баатрууд болох хүүхдүүдээс тэдний бие махбод харагдаж байгаагийнхаа хувьд биднээс өөр ч, тэдний харж, мэдэрч байгаа зүйлс бидэнтэй ижилхэн өөрсдийн гэсэн онцгой зүйлсийг бий болгож чаддаг гэдгийг ойлголоо.

Хүүхдүүдтэй эхлээд ажиллахад миний зүгээс хийж чадах зүйл бол бүх зүйлд нь туслах, явах, хөдлөх, өнгийн харандаа олох, түүнийгээ хэрэглэх гээд л энгийн зүйл дээр хүртэл тусална гэсэн ойлголттой ажиллаж эхэлсэн боловч тэр үед хүүхдүүд бүгдийг өөрсдөө бие дааж хийж чаддаг байсан. Бидэнтэй ялгаагүй энгийн хүмүүс миний оролцоогүй тэд бүх зүйлийг хийж чадна харин бидний зүгээс туслах зүйл бол тухайн хүнийг ойлгох, урамшуулах зааж өгөх нь чухал байсан. Бидний хийж чаддаг зүйлсийг тэд ч бас чадна гэхдээ илүү удаан хугацааны турш, давтамжтай магадгүй илүү их хичээл зүтгэл гаргадаг байх.

Нийгэмд өөрсдөөсөө багахан ялгаатай нэгнээ тусгаарлаж, ялгаварлах, зарим нэг чадвараараа өөрсдөөс нь сул байхад нэгнээ ялгаварлах, хэт бүдүүлгээр ширтэх, хуруу заан ярих, тэдгээр хүүхдүүдтэй халдварт өвчин мэтээр нийгмээс тусгаарлах зэрэг үйлдлүүд нэгнийхээ сэтгэлийг эмзэглүүлсээр байдаг. Энэ бүхэн алга болоход энэхүү үйл ажиллагаа маш том хувь нэмэр оруулж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Бидний энгийн гэж хардаг, үл ойшоодог зүйл ямар их үнэ цэнэтэй гэдгийг ойлгож авсан. Бид өөрсдийн ч мэдэлгүй хийхийг хүсдэг зүйлдээ хориг тавьчихсан байдаг “би ямар ч авьяасгүй” тиймээс чадахгүй муухай зурчихна, “тэр зурдаг” гэх зэргээр өөрийгөө болон бусдын боломжид хориг тавьчихсан байдаг. Дан ганц авьяастай байлаа гээд тэр зүйл төгс болно гэсэн үг биш гэдгийг энэ хийсэн ажлаараа ойлгож, бусдад түүнийгээ ч ойлгуулахыг хүссэн. Бид өөр хоорондоо адилхан байх албагүй, заавал бид нэг хэвийн мэт адилхан зүйлийг чаддаг байх албагүй. Бид нэг нэгнээ яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, бие биетэйгээн хүнлэг харилцаж, хэн нэгэнд итгэл найдвар үлдээцгээе.

Тэд бүх зүйлийг чаддаг, яг бидэн шиг.