СЭЗИС нийгмийн хариуцлагын хүрээнд багш оюутнуудтайгаа хамтран олон ажил санаачлан хийдэг бөгөөд зөвхөн манай сургуулийн оюутнууд хийдэг НИЙГМИЙН ДАДЛАГА-н талаар Санхүү удирдлагын мэргэжлийн 2-р курсын оюутан М.Пүрэв-Очирын сэтгэгдлийг хүргэж байна.

“Анх 2022 онд 15 спортын холбоодын "Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнд сайн дурын ажилтнаар ажиллаж байсан. Уг наадам нь тусгай хэрэгцээт иргэдийн спортын оролцоог дэмжих Пара-спортын төрлүүдтэй бөгөөд эдгээр иргэдэд өөрсдийгөө нээж, хөгжихөд нь тусламж үзүүлдэг, нэр хүндтэй наадам бөгөөд би энэхүү наадамд сайн дурын ажил хийснээрээ одоо эргээд бодоход хамгийн бахархам зүйл юм.
Тэр үед сургалтын төлөвлөгөөнд “Нийгмийн дадлага”-г заавал судлахаар байсантай холбоотойгоор дадлагаа хамгаалахын тулд л хийж байсан. Харин үүнээс хойш нийгэмдээ эерэг зүйл хийх нь улам таалагдаж “Өнгө Нэм” ТББ, Монголын “Эмнести Интернэшнл” зэрэг төрийн бус байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулсан. Энэ хугацаандаа хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах замаар байгаль орчинд эерэг нөлөө авчирдаг болохыг мэдсэн ба хүний эрхийн талаарх ойлголтоо ч нэмэгдүүлсэн. Тухайлбал, хогийн саванд хогоо хийгээд бид байгаль орчноо хамгаалж байгаа гэж бодож байвал энэ нь буруу юм. Тэдгээр хог хаягдал нэг цэгээс нөгөө рүү буюу хүн ам төвлөрсөн газраас арай зайдуу газарт очдог бөгөөд тэндээ хөрс, усны болон агаарын гэх мэт бохирдлыг үүсгэдгийг мэдсэнээс хойш хогоо ангилан ялгахын давуу талыг маш сайн ойлгосон.
Нийгмийн дадлага, сайн дурын ажлууд хийхдээ зөвхөн мөрөөдлийн сургуульдаа тэтгэлэг авахын тулд л гэж өнгөцхөн харалгүй энэ нь бидний бүтээн байгуулж байгаа хүнлэг нийгэмд жаахан ч гэсэн өөрийн зүгээс хувь нэмэр оруулж байгаа хэрэг гэж бодон хийх хэрэгтэй.
Дүгнэж хэлэхэд та хэрэв сайн дурын ажил хийх гэж байгаа бол бусдын сайн сайхны төлөө сэтгэл гаргаж ажиллаарай. Энэ бүхэнд бас хамт олны харилцаа маш чухал тул эерэг хандлагатай байгаарай”