Logo
UFE
2026-06-17

“АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ-2026”-ЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛЭЭР САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭЛ ШАЛГАРЛАА

“АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ-2026”-ЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛЭЭР САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭЛ ШАЛГАРЛАА

“Азийн Аялал Жуулчлалын Форум-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Шагналыг олон улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нэр хүндтэй эрдэмтэн, профессор Kaye Chon гардуулан өгч, судалгааны ажлын чанар, шинжлэх ухааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

 “Best Paper” буюу шилдэг илтгэлийн шагналыг Д.Мөнхцэцэг, Д.Өнөржаргал, Б.Мөнхзаяа, Chang Huh, Young-Rae Kim нарын хамтарсан “The Role of the Hospitality Industry in Mongolia’s Transitional Economy: An Input-Output Analysis of Economic Contribution and Structural Position” сэдэвт судалгааны ажил хүртлээ. Уг судалгаа нь Монгол Улсын эдийн засгийн шилжилтийн нөхцөл дэх зочлох үйлчилгээний салбарын эдийн засагт оруулах хувь нэмэр, салбар хоорондын уялдаа холбоо, бүтцийн байр суурийг орц-гарцын (Input–Output) шинжилгээний аргаар үнэлсэн бөгөөд салбарын эдийн засгийн үр нөлөөг тоон үзүүлэлтэд тулгуурлан тодорхойлсноороо онцлог юм. Судалгааны үр дүн нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох, эдийн засгийн нөлөөллийг үнэлэхэд шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл өгөх ач холбогдолтой юм.

Шилдэг илтгэлийн шагнал гардуулах энэхүү арга хэмжээ нь форумд оролцсон эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээлийг үнэлэн алдаршуулахын зэрэгцээ аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар дахь судалгаа, инноваци, мэдлэгийн солилцоо, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чухал талбар болж байгааг харууллаа.

“Азийн Аялал Жуулчлалын Форум–2026” нь бүс нутгийн болон олон улсын судлаачид, бодлого боловсруулагчид, салбарын төлөөлөгчдийг нэгтгэн аялал жуулчлалын тогтвортой хөгжил, инноваци, өрсөлдөх чадварын асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой томоохон арга хэмжээ юм.