Logo
UFE
2026-06-17

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, СУДЛААЧИД АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН XV ФОРУМД СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, СУДЛААЧИД АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН XV ФОРУМД СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

 

Монгол Улсад 2026 оны 6 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Азийн Аялал Жуулчлалын Форум–2026” (Asia Tourism Forum 2026) арга хэмжээнд Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, судлаачид амжилттай оролцож, аялал жуулчлалын салбарын хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөж, жуулчдын зан төлөвийн чиглэлээр хийсэн судалгааны ажлуудаа олон улсын эрдэм шинжилгээний тавцанд хэлэлцүүллээ.

    

 

Тус форум нь бүс нутгийн болон олон улсын эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэн аялал жуулчлалын тогтвортой хөгжил, инноваци, өрсөлдөх чадварын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцдэг нэр хүндтэй арга хэмжээ юм. Энэ удаагийн форумд 22 орны 100 гаруй профессор, судлаач оролцож, 100 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг 18 салбар хуралдаанаар хэлэлцсэн байна. Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, судлаачид дараах судалгааны бүтээлүүдийг танилцууллаа.

Зочлох үйлчилгээний салбарын эдийн засгийн үр нөлөөний судалгаа

Д.Мөнхцэцэг, Д.Өнөржаргал, Б.Мөнхзаяа, Chang Huh, Young-Rae Kim нарын хамтарсан судалгааны баг “The Role of the Hospitality Industry in Mongolia’s Transitional Economy: An Input-Output Analysis of Economic Contribution and Structural Position” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсын шилжилтийн эдийн засаг дахь зочлох үйлчилгээний салбарын эдийн засгийн хувь нэмэр, бүтцийн байр суурийг орц-гарцын шинжилгээний аргаар үнэлсэн үр дүнгээ танилцууллаа.

Монголын жуулчны баазын хөгжлийн онцлог

Аялал жуулчлалын бизнесийн хөтөлбөрийн багш, судлаач Б.Мөнхтогтох, Д.Батболд, С.Мөнхнасан нар “The Development of Tourist Ger Camps in Mongolia and National Distinctiveness” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүний өвөрмөц шинж чанар болох жуулчны баазын хөгжил, үндэсний ялгарах онцлогийн асуудлыг судалжээ.

Тогтвортой аялал жуулчлал ба орон нутгийн иргэдийн амьдралын чанар

Олон улсын аялал жуулчлал судлалын сургуулийн багш Д.Мөнгөнтуул “The Impact of Sustainable Tourism on the Quality of Life of Local Residents: A Case Study of Gorkhi-Terelj National Park, Mongolia” сэдвээр судалгаагаа танилцуулж, тогтвортой аялал жуулчлал нь орон нутгийн иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын жишээн дээр судлажээ.

 

Монгол жуулчдын аяллын зан төлөвийн судалгаа

 

Ц.Дашцэрэн, Б.Мөнхтогтох болон хамтран ажилласан судлаачид “Factors Affecting Outbound Travel Decisions of Mongolian Tourists” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, монгол иргэдийн гадаад аялал хийх шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон судалгааны үр дүнгээ танилцууллаа.

 

Мөн Б.Мөнхтогтох болон Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн багш судлаачид “Research Findings on Domestic Tourists’ Behavior and Travel Trends” сэдэвт илтгэлээр дотоодын жуулчдын зан төлөв, аяллын чиг хандлагын талаарх судалгааны үр дүнгээ олон улсын судлаачдад хүргэсэн юм.

 

Эдгээр судалгааны бүтээлүүд нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадвар, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, шийдвэр гаргалтад шинжлэх ухааны үндэслэл бүхий хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, судлаачдын олон улсын эрдэм шинжилгээний идэвхтэй оролцоо нь сургуулийн судалгааны чанар, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэлхийн судалгааны чиг хандлагатай уялдуулахад чухал ач холбогдолтой юм.